|
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 07 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын тагнуулын байгууллага /цаашид "тагнуулын байгууллага" гэх/-ын тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлж, тагнуулын алба хаах журам, тагнуулын ажилтны эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж
2.1. Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Гүйцэтгэх ажлын тухай хууль , “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "гадаад тагнуулын ажил" гэж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий тагнуулын мэдээ баримт, сэлт олох ажиллагааг;
3.1.2. "сөрөх тагнуулын ажил" гэж Монгол Улсын эсрэг гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэдээс явуулж буй тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа болон Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг;
3.1.3. "тусгай алба" гэж тагнуулын ажил эрхэлдэг байгууллага, түүний салбар, нэгжийг;
3.1.4. "тагнуулын арга" гэж үүрэг зорилтоо хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий нууц болон бусад мэдээ, баримт, сэлтийг олох зорилгоор тусгай албаны ашиглаж буй арга хэмжээний цогцыг;
3.1.5. "тагнуулын мэдээ" гэж тусгай алба үндсэн үүрэг зорилтынхоо дагуу нууц арга, хэрэгслээ ашиглан олж буй мэдээ, баримт сэлтийг;
3.1.6. "нууц арга, хэрэгсэл" гэж мэдээ, баримт сэлт нууцаар олоход зориулагдсан арга хэрэгслийг;
3.1.7. "халхавчлах" гэж тагнуулын ажлын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөр байгууллага, хүн, өөр үйл ажиллагаа, баримт бичиг болон бусад зүйл ашиглан далдлахыг;
3.1.8. "нууц гүйцэтгэх ажилтан" гэж өөр байгууллагад халхавчийн дор ажиллаж байгаа тусгай албаны ажилтныг;
3.1.9. "туслагч" гэж гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байгаа хүнийг;
3.1.10. "туслах ажилтан" гэж гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагатай тодорхой гэрээ, урамшууллын үндсэн дээр нууцаар хамтран ажиллаж байгаа хүнийг. |