Үндэсний тагнуулын академи

Нийтэлсэн: 2013-09-24

ТҮҮХЭН ТОВЧОО

Үндэсний тагнуулын академи ТЕГ-ын Дээд сургууль нэртэйгээр 1997 онд байгуулагдан сургалт явуулж эхэлсэн байна. 

2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн БСШУ-ы сайдын 350 дугаар тушаалаар Үндэсний тагнуулын Академи болж нэр нь өөрчлөгдсөн, тус Академи байгуулагдсанаасаа хойших хугацаанд монголын мэргэжлийн боловсролын тогтолцоонд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, улс оронд нэн шаардлагатай тусгай албаны ажилтан (аюулгүй байдлын ажилтан) бэлтгэх үүргээ амжилттай биелүүлж ирэв.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хуулиар гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын эрэлт хэрэгцээг хангасан тагнуулын ажилтан бэлтгэх, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын болон бусад аргаар хангах чиглэлээр онолын болон хавсарга судалгаа эрхэлдэг үндэсний хэмжээний сургалт-эрдэм шинжилгээний төв болоход оршино.

АКАДЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

аюулгүй байдлын бакалавр, магистрын сургалт эрхлэх;

тагнуул судлалын суурь болон хавсарга судалгаа явуулах;

гүйцэтгэх ажлын анхан шатны болон бүх чиглэл, шатны сургалт явуулах;

тагнуулын байгууллагын эрдмийн чадавхийг бэхжүүлэх, эрдмийн зэрэгтэй багш, судлаач, ажилтан бэлтгэх;

дотоод, гадаадын ижил төстэй чиг үүрэг бүхий сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний төрөлжсөн сэтгүүл, мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр эрхлэн гаргах.

 БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН

Академи өнөөгийн шаардлагыг хангахуйц өндөр мэдлэг, мэргэжил, багшлах ажлын дадлага, туршлагатай багш нараар үндсэндээ хангагдаад байна. 

Багшлах бүрэлдэхүүний 20 гаруй хувь нь докторын зэрэгтэй ба сүүлийн 10 жилд 4 багш докторын зэрэг хамгаалсан, 8 багш, ажилтан докторантурт суралцаж буй.

Багш, судлаачид нэг сэдэвт бүтээл 20 гаруй, сурах бичиг, гарын авлага 40 гаруй, өгүүлэл, эрдэм шинжилгээний илтгэл 300 шахмыг тус тус туурвисан байна.

СУРГАЛТ

Үндэсний тагнуулын академи нь

Аюулгүй байдлын бакалавр (ЕБС төгсөгчдөөс тагнуулын байгууллагын захиалгаар элсэлт авдаг. Цаашдаа дээд сургууль төгсөгчдөөс элсэлт авч иргэний дээд мэргэжилтэй тагнуулын ажилтан бэлтгэнэ.);

Аюулгүй байдлын магистрын сургалт (тагнуулын байгууллагын захиалгаар элсэлт авдаг);

Гүйцэтгэх ажлын анхан шатны болон бүх чиглэл, шатны мэргэшүүлэх сургалт;

Гадаад хэлний сургалт.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

Үндэсний тагнуулын академийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд хууль зүйн салбарын болон нийгмийн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд ажиллан эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, үр дүн зэрэг асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэдэг. Академийн Судалгаа эрдэм шинжилгээний төв нь ТЕГ-ын хэмжээнд эрдэм шинжилгээний ажлыг төвлөрүүлэн зохион байгуулж, үндэсний аюулгүй байдал, тагнуул судлалын асуудлаар улирал тутам “Тусгаар тогтнол” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.

2010 онд “Монгол, Түвдийн 1913 оны гэрээ” сэдвээр олон улсын симпозиум зохион байгуулав. Түүнд 10 орны 22 судлаач  илтгэл тавьсан ажээ. “ОХУ-2009”, “БНХАУ-2009”, “ОХУ-2010”, “БНХАУ-2010”, “ОХУ-2011”, “БНХАУ-2011”, “Ардчилсан нийгэм ба тагнуулын байгууллага”, “Үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах арга зам”, “Дотоод аюулгүй байдал”, “Гүйцэтгэх ажлын эрх зүйн зохицуулалт”, “Хүний аюулгүй байдал” гэх зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлагыг явуулж хэвшсэн. 

“Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого”, (2009, 2010, 2011 онд), “Тагнуулын байгууллагын талаарх иргэдийн ойлголт, санал” (2008, 2009, 2010, 2011 онд), “Монголын нийгмийн өнөөгийн байдал” (2011, 2012 онд) социологийн судалгаануудыг тус тус явуулж, дүнг илтгэл, мэдээлэлд ашиглаж, эмхтгэл болгон хэвлүүлсэн. 

СУРГАЛТЫН ОРЧИН

990 м2 ашигтай талбай бүхий сургалт явуулахад зориулагдсан 3 давхар барилга байгууламжтай бөгөөд багш, суралцагчдын ажиллаж, суралцах таатай нөхц лийг бүрдүүлсэн.

Сургалт явуулахад тохиромжтой гүйцэтгэх ажлын кабинет, олон улсын харилцааны танхим, лекцийн танхим, компьютерийн лаборатори,  гадаад хэлний лингафоны танхимыг  тус тус ашиглаж байна. 

Биеийн тамир болон албаны бэлтгэлийн сургалт явуулах иж бүрэн тоноглогдсон танхимтай. 

Бүх өрөө дотоод ба интернетийн сүлжээнд  холбогдсон.

Мэдээллийн төв (номын сан) нь бие даасан нэгж хэлбэрээр зохион байгуулагдсан. Ил болон нууц номын фондод шинжлэх ухааны янз бүрийн салбарын 10.000 шахам ном, сурах бичиг, гарын авлагаар оюутан сонсогч, ажилтнуудад үйлчлэн, өөрөө өөртөө үйлчлэхээр иж бүрэн тоноглогдсон 2, цахим уншлагын  1 заалтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Lib4U программаар цахим каталогийн болон цахим номын үйлчилгээ үзүүлж байна.

АКАДЕМИЙН ХАЯГ

Улаанбаатар хот, Үндэсний Тагнуулын Академи, Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж - 3а. 

Утас: 263914, 260119

Факс: 976-11-261683

Цахим хаяг: nat_int_acedamy@gia.gov.mn