МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 442
2018-04-28
ТУРК УЛС АНУ-ААС АЛТНЫ НӨӨЦӨӨ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БАЙНА

ТУРК УЛС АНУ-ААС АЛТНЫ НӨӨЦӨӨ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БАЙНА

БНТУ АНУ-ын Холбооны нөөцийн санд хадгалуулж байсан бүх алтаа буцаан татахаар шийдвэрлэсэн тухай Туркийн хэвлэлүүдэд бичиж байна. Сүүлийн жилүүдэд тус улс хилийн

чанадаас нийт 220 тонн алт буцаан татаад байгаа бөгөөд 2017 онд АНУ-аас 28,7 тонн алт буцаан авчирсан байна.

Туркийн “Yeni Safak” сонинд “тус улсын нийт алтны нөөц 564 тонн буюу 20 гаруй тэрбум ам.доллартай тэнцэнэ хэмээсэн бол Төв банкны мэдээлснээр 2018 оны 3 дугаар сарын байдлаар нийт 25,3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алтны нөөцтэй” гэжээ.

БНТУ-ын Ерөнхийлөгч Т.Эрдоган олон улсын зээлд ам.долларыг ашиглаж байгаад шүүмжлэлтэй хандах болсон. Тэрээр энэ оны 4 дүгээр сарын 16-нд Станбул хотноо болсон “Global Entrepreneurship Congress”-ын үеэр улс орнууд ам.доллараас бусад валют хэрэглэж ханшны арилжааны дарамтнаас салах хэрэгтэй, зээлийг алтаар олгож, төлөхийг санал болгосон юм. 4 дүгээр сарын 11-нд Туркийн лирийн ханш унаж, ам.доллартай харьцах ханш хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тиймээс Туркийн хувьд алтаа эргүүлэн татах шийдвэр нь санхүүгийн гэхээсээ илүү улс төрийн зорилготой хэмээн “RBC Wealth Management”-ийн захирал Ж.Жеро ярьжээ. 

Турк улс алтныхаа нөөцийг буцаан татаж буй бусад орнуудын нэг юм. ХБНГУ 2017 онд АНУ-ын Холбооны нөөцийн сан болон БНФУ-ын Төв банкнаас 674 тонн алт эргүүлэн татсан бөгөөд нийт алтны нөөцийн дийлэнх нь Франкфуртад хадгалж буй талаар “Bundesbank” мэдээлж байсан.

Нидерландын Вант улс 2014 онд АНУ-ын Холбооны нөөцийн сангаас 122,5 тонн алтаа эргүүлэн татжээ.

Мөн Венесуэл улс 2012 онд 9 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний 160 тонн алтаа эргүүлэн татаж байв.