МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 362
2018-05-25
ТЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Д.ГЭРЭЛ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ ҮГ ХЭЛЭВ

   Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

   Эрхэм хүндэт зочид, ахмад буурлууд аа,

   Эрхэм генерал, офицер, ахлагч, алба хаагчид аа,

  Юуны өмнө өнөөдөр 80 жилийн тэгш ойгоо тэмдэглэж буй Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлага, ажилтан, алба хаагч та бүхэндээ болон энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, ахмад ажилтнууддаа Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл, нийт бие бүрэлдэхүүний халуун мэндийг дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

  Төрийн тусгай хамгаалалтын газар нь ТЕГ-ын бүтцэд багтаж, хуульд заасан ёсоор үйл ажиллагаа, тогтолцоо, ажилтан албан хаагчид нь түүхийн ган бат хэлхээсээр холбогдсон, харилцан шүтэлцээтэй төрийн нэгэн онцгой үүрэгтэй институт гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

 Төрийн тусгай хамгаалалтын албаны өнгөрсөн 80 жилийн түүх үүнийг гэрчлэх төдийгүй Эзэн Богд Чингис хааны эрэлхэг хишигтэн цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ч тагнуул, хамгаалалтын алба эх сурвалж нэгтэй явсныг нотлож байна.

  Монгол төрийн тусгай албад өнөөгийн даяаршиж буй дэлхий ертөнцөд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд түүхэн туршлага, өв уламжлалаа хадгалсан нэгдмэл тогтолцоо, үйл ажиллагааны мөн чанараа эрхэмлэн явах нь юунаас ч илүү чухал болохыг цаг үе бидэнд харуулсаар байна.

      Эрхэм нөхөд өө,

     Төрийн тусгай хамгаалалтын алба өнгөрсөн 80 жилийн хугацаанд амаргүй замыг туулсан хэдий ч үе үеийн ажилтан, алба хаагчид нь улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ ямагт чин шударгаар бүрэн дүүрэн биелүүлсээр ирсэн.

   Тагнуулын байгууллагаас ч өнгөрсөн хугацаанд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж ирэв. Эдгээрээс заримыг багцлан дурдвал:

   Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, ОХУ-ын Холбооны хамгаалалтын алба хоорондын хэлэлцээрийн дагуу хамгаалалтын ажилтнуудыг давтан сургах, Үндэсний тагнуулын академийг түшиглэн хамгаалалтын ажилтнуудад зориулсан аюулгүй байдлын магистрын сургалт явуулах, мөн орчин үеийн шинэ зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын автомашин, компьютер, техник хэрэгсэл, тавилга, эд хогшлын хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь шийдвэрлэн, худалдан авалтыг зохион байгуулах, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэдгээрийн цалинг нэмэгдүүлэх, байгууллагыг төв байртай болгох зэрэг олон асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх зэргээр ажилласан байна.

    Төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх бодлого цаашид ч улам идэвхтэй үргэлжилнэ гэдгийг тэмдэглэн хэлье.

   Төрийн тусгай хамгаалалтын газар нь өнөөдөр хөгжил дэвшлийнхээ чухал үедээ явж байна. Энэ цаг үед та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, өөрсдийн мэдлэг, ур чадварыг тавигдаж буй шаардлагын хэмжээнд хүртэл хөгжүүлэхэд байнга анхаарч ажиллахыг энэ дашрамд захин хэлье.

  Эцэст нь Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлага, нийт ажилтан, албан хаагч нартаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

   Та бүхэндээ Төрийн тусгай хамгаалалтын алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн тэгш ойн баярын мэндийг дахин хүргэе.

Баярлалаа.