МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 101
2018-06-20
“МОНГОЛ, ОРОСЫН САНААЧЛАГА 2018” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААР

 “Монгол Оросын санаачлага 2018” эдийн засгийн чуулга 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Энэхүү цуврал арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд Монгол,Оросын стратегийн харилцааг шинэ шатанд гаргах, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, банк санхүүгийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой юм.

Арга хэмжээнд Оросын талаас ОХУ-ын Үйлдвэр, Худалдааны сайд Д.В.Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, Холбооны Зөвлөлийн гишүүн А.М.Бабаков, Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко, Буриадын БН Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч И.И.Зураев, Монгол Улсад суугаа ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нар оролцлоо.

Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор төслийн  хүрээнд Орос-Монголыг холбох эдийн засгийн хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа. Энэ танилцуулгыг гурван улсын хооронд 2014-2016 онуудад хийгдсэн уулзалтуудын үр дүнд суурилан боловсруулсан бөгөөд Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг хойд цэгээс  Алтанбулагаар дамжуулан ОХУ-руу тавих авто зам, Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх болон Монгол, Оросын нутгаар Европыг Азийн орнуудтай холбох төмөр зам гэх мэт хамтын ажиллагааны төслүүдийн тусгасан байна. Мөн Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтын агентлагаас боловсруулсан  эрүүл мэндийн аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд хавдар илэрсэн тохиолдолд хөнгөлөлттэй эмчлүүлж, оношлуулах даатгалын цогц үйлчилгээг санал иргэдэд санал болгосон байна.

Чуулганы хүрээнд ОХУ-ын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд хөдөө аж, ахуй, зам барилга, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхэлдэг 64, хүнсний үйлдвэрлэлийн 28 аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулав.

Тус үзэсгэлэнд “Росспецмаш” ассоциацийн гишүүн компаниуд оролцсон бөгөөд тусгай машин механизмын үйлдвэрлэл нь ОХУ-ын Монгол Улс руу гаргах  экспортын тэргүүлэх чиглэл бөгөөд Оросын талын зохион байгуулагчдын үзэж байгаагаар хөдөө аж ахуйн техник үзэсгэлэнгийн үеэр олны анхаарлын төвд байсан аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Монгол, Оросын санаачлага 2018” чуулганы оролцогчдод хандсан мэндчилгээндээ “Энэхүү арга хэмжээ нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд үүсч буй гол асуудлуудыг хэлэлцэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны  шинэ гэрээ, хэлэлцээр байгуулах таатай орчинг бүрдүүлж байна” гэжээ.