МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 88
2018-07-05
“МАРШАЛЫН ЗАХИДЛУУД” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

ТЕГ-ын Тусгай архиваас маршал Х.Чойбалсангийн 1921-1952 оны хооронд бичиж, харилцаж байсан 120 гаруй захидал болон түүнд холбогдох баримтыг эмхэтгэн “Маршалын захидлууд” номыг бүтээж, 6 дугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ.

Номын нээлтийн ёслолд ТЕГ-ын дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, АЕГ-ын дарга асан, доктор Д.Хоролдамба, академич Ж.Болдбаатар зэрэг эрдэмтэн судлаачид оролцож үг хэллээ.

ТЕГ-ын дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл уг номны өмнөтгөлд “ХХ зууны Монголы тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн зүтгэлтэн Х.Чойбалсангийн тухай нэгэн сонирхолтой ном та бүхний гар дээр очиж байна. Маршал Х.Чойбалсангийн 1921-1952 он хүртэл 30 жилийн хугацаанд бичиж, харилцаж байсан 120 гаруй захидлыг ТЕГ-ын Тусгай архив, АЕГ-ын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын төвөөс тус архивын судлаач Н.Батболд бүрэн хэмжээгээр нь эмхэтгэн ийнхүү нийтийн хүртээл болгож байна.

Маршалын захидлууд бүтээл нь танд Монгол төрийн нэрт зүтгэлтэн Д.Бодоо, А.Амар, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нараас эхлээд ЗХУ-ын удирдагч И.В.Сталин, В.М.Молотов, К.Е.Ворошилов, нэрт Монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын олон сонирхолтой, түүхэн үйл явцыг тодруулж болохуйц захидлуудтай танилцах боломжийг олгоно. Мөн Тусгай архивт хадгалагдаж буй маршалын амьдрал үйл ажиллагаатай холбоотой түүхэн зургуудыг хавсралт болгон оруулж өгсөн нь улам сонирхолтой болжээ. 

ТЕГ-аас нэгэн цаг үед тус байгууллагыг удирдаж байсан маршал Х.Чойбалсангийн бодлого, үйл ажиллагаа, түүнээ хэрхэн үнэлж дүгнэж байсныг нэг мөр болгож, ХХ зууны Монголын түүхийн судалгаанд түүний талаарх элдэв таамаг, зөрүүтэй дүгнэлтүүдэд хариулт өгч болохуйц бүтээлийг ийнхүү толилуулж байна.

Түүх судлалд нэн чухал ийм бүтээлүүдийг тус байгууллагын судлаачид цаашид ч эрхлэн гаргах болно” гэжээ.