МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 135
2018-07-31
ЧЕКИСТҮҮД “ХҮЙТЭН ДАЙН”-ЫГ ЭРГЭН ДУРССАН НЬ

Социализм ялагдчихаад байхад, түүний эсрэг өчнөөн хүч хөдөлмөр зарцуулсан талд одоо дахиад юу хэрэгтэй вэ? Тэдэнд Орос орон хэрэгтэй юм. Орос улсыг хорлон сүйтгэж, сулруулж, бие даасан соёл иргэншлийнх нь хувьд устгах явдал Өрнөдийн глобалистуудын хэзээний мөрөөдөл байсаар ирсэн ба одоо ч өөрчлөгдөөгүй байгаа билээ.

Энэ бол Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ)-ны хошууч генерал Андрей Сидоренкогийн дуртгалаас авсан үгс юм. 2004 оны зун “Спецназ России” сэтгүүлд цуврал хэлбэрээр хэвлүүлсэн дуртгалдаа Сидоренко Өрнөдийн тусгай албад Зөвлөлтийн дараах Оросын эсрэг үзэл санааны арга хэмжээ гэгчийн хэрхэн зохион байгуулсан талаар дурсжээ. Түүний бичлэгийн хэлбэрийг харвал Зөвлөлтийн дараах үед шинээр бий болсон бичлэгийн онцгой нэгэн төрөл зүйлийн нэг гэдэг нь мэдэгдэнэ. Энэ нь чекистүүдийн дуртгал буюу УАХХ-ны ажилтнуудын бичсэн дурсамж юм. ЗХУ нуран унаснаас хойш Сидоренкотой нэгэн адил олон тооны хуучин чекистүүд дуртгалаа бичиж, Оросын өнгөрсөн ба өнөө цагийн нөхцөл байдлын талаар ярилцлага болоод бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн юм. Энэхүү өгүүллээр дурдсан чекист бүтээлд гарч буй “Хүйтэн дайн”-ы тухайн түүхийн шинэ бичлэгийн хэлбэрийг авч үзнэ. Тэр дундаа эдгээр бүтээлд дурдагддаг Өрнөдийн тусгай албад ЗХУ-ыг нурааж, “Хүйтэн дайн”-д Москва ялагдахад ямар үүрэг гүйцэтгэсэн тухай хэд хэдэн хуйвалдааны онол дээр түлхүү төвлөрөх юм. Эдгээр онол хоорондоо нягт холбоотой хэдий ч нэг бүрчлэн авч үзье.

“Даллесын төлөвлөгөө”

Хуйвалдааны онолуудаас хамгийн түгээмэл бөгөөд бусад онолуудынхаа түүчээ нь болж байдаг нь домгийн шинжтэй “Даллесын төлөвлөгөө” юм. “Даллесын төлөвлөгөө”-г 1940-өөд онд АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ)-ын дарга Аллен Даллес зохиосон (зарим хүнийхээр нууц уулзалтаар анх Даллес баталсан, эсвэл Конгресст үг хэлэхдээ тэрбээр зарласан) гэдэг. Уг төлөвлөгөө нь Орос улсыг устгах их төлөвлөгөө аж. “Даллесын төлөвлөгөө” гэх зүйлийг сүүлийн хорь гаруй жилийн турш маш өргөн хэмжээнд ишэлж, дахин дахин нийтийн хүртээл болгосоор ирсэн ч яг эх хувийг нь хэзээ ч ил болгохоор барахгүй огт олж тогтоогоогүй бөгөөд уг баримт бичгийн эх сурвалж бүрхэг хэвээр байгаа юм. Уг баримт бичгийн зарим хэсэг нь Анатолий Ивановын 1981 онд зохиосон “Мөнхийн дуудлага” романд гардаг зарим зүйлстэй тун төстэй байдаг. Уг романд гардаг Германы СС-ийн нэгэн офицер ярьсан зүйл хожим Даллесын хэлсэн зүйл болон хувирчээ. Зарим судлаачийн олж тогтоосноор Даллесын төлөвлөгөө гэх зүйлийн агуулга Достоевскийн “Чөтгөр” зохиолд гардаг зүйлтэй тун төстэй аж. Энэхүү баримт бичгийн агуулга хачин жигтэй гэмээр чамин хэлбэрийг нь л аваад үзэхэд үүнийг илэрхий хуурамчаар үйлдсэн гэж үгүйсгэх хүртэл бараг боломжгүй болгожээ. Гэсэн ч гэлээ энэхүү хуурамч баримт бичиг сүүлийн хориод жилийн турш ил болж буй архивын бодит ямар ч баримтаас илүү Оросын ард түмний түүхэн ухамсар, “Хүйтэн дайн”-ы тухай ой санамжид нөлөөлсөөр ирсэн байна.

Даллесын төлөвлөгөө гэх зүйл худал зүйлийг мянга давтвал үнэн болдгийн нэгэн адил ихээхэн хэмжээний итгэл үнэмшил төрүүлсэн зүйл юм. Уг баримт бичгийг Оростоо бараг нөлөөгүй шахуу “эх оронч” хэвлэлүүд (1980-аад онд анх гарч ирсэн) эшлээд зогсохгүй хожим (сүүлийн үед) нийтийн болоод албан ёсны хэвлэл мэдээлэлд хүртэл уг баримт үзэгдэх болсон ажээ. Цаашлаад зарим эрдэмтэн судлаачид болоод эрх бүхий хүмүүс хүртэл уг баримт бичгийг эш татаж хэрэглэсээр ирсэн байна. Өдгөө энэхүү баримт бичиг шүүх хуралдаанд ашиглах хэмжээний хангалттай итгэл үнэмшил төрүүлэхүйц болсны нэг жишээ нь 2009 онд Новороссийскт болсон шүүх хурлын үеэр Кубаний Улсын их сургуулийн нэгэн түүхч мэдүүлэг өгөх үедээ уг төлөвлөгөөг мэргэжлийн шинжээчийн хувьд ашигласан явдал юм. Энэхүү түүхч нутгийн хүний эрхийн байгууллага нэгэн төрийн бус байгууллага Оросыг тогтворгүй болгох сонирхолтой хүмүүсийн эрх ашигт “санаатай, эсвэл санаандгүй байдлаар” үйлчилж хэт даварсан үйл ажиллагаа явуулж байна гэсэн гэдэг дүгнэлтээ гаргахын тулд энэхүү баримт бичгийг нотлох баримт болгон ашигласан байна.

Даллесын төлөвлөгөө бодит гэж мэтгэдэг хүмүүс хүртэл заримдаа үнэхээр ийм баримт бичиг байхгүй ч байж болно гэдэг. Уг баримт бичгийг хуурамч гэсний хариуд Оросын Холбооны аюулгүй байдлын алба(ХАБА)-ны судлаач Олег Хлобустов 2005 оны 6 дугаар сард Даллесын төлөвлөгөөний үнэн бодит эсэх асуудлыг авч үзсэн байдаг. Даллесийн төлөвлөгөөний зарим хэсэг итгэхэд бэрх ч Оросын талаар явуулдаг АНУ-ын бодит бодлогыг яг үнэнээр дүрсэлж, үг үсгээрээ биш юм гэхэд үндсэн санаа нь бодит байдалтай нийцэж буй буй тул тус баримт бичгийг ямар ч байсан агуулгын хувьд түүхийн бодит эх сурвалж хэмээн авч үзэх ёстой гэж тэрбээр дүгнэсэн байна. Уг баримт бичгийн яг үндсэн эх нь байхгүй байгаа нь өөрөө Даллесын төлөвлөгөөг бодит гэдгийг баталж буй хэрэг гэсэн санааг илэрхийлж буй бололтой (Зөвлөлтийн тусгай албад үндсэн эхийг нь нууц аргаар олзолсон байх ёстой тул түүнийг ил болгоно гэдэг нь эх сурвалжаа илчилсэн хэрэг болох юм). Хлобустов мөн Даллесын төлөвлөгөөгөөр дамжуулан Сталины еврей нарын эсрэг явуулсан бодлогыг тайлбарлаж зөвтгөсөн байдаг. Тухайлбал, тэрбээр Сталины бодлого бол Даллесын төлөвлөгөөний хариуд зохиосон арга хэмжээ бөгөөд ЗХУ дахь нөхцөл байдал “хяналтад буй” гэдгийг (АНУ-ын Засгийн газарт) “далдуур анхааруулсан” хэрэг гэсэн байна.

Энэхүү баримт бичгийг нийтэд сурталчилж, үнэн бодит байдлыг нь “бэхжүүлж” ирсэн хүмүүсийн зарим нь хуучин чекистүүд бөгөөд Даллесын төлөвлөгөөг ярилцлага, дуртгал, “Хүйтэн дайн”-ы тухай бусад бүтээлд эшэлж, түүнийг баяжуулан тайлбарласаар иржээ. Орчин үеийн чекист тайлбарт гардаг Даллесын төлөвлөгөөний зарим гол гэсэн хэсгийг би энд авч үзэхийн сацуу уг баримт бичиг “Хүйтэн дайн”-ы тухай түүх бичлэг ба Оросын өнөөгийн үндэсний ялгамж гэдэг зүйлтэй хэрхэн холбогддогийг авч үзэх юм.

2004 онд хэвлэгдсэн дуртгалдаа Оросын эсрэг Өрнөдийн тусгай албад хэрхэн ажиллах ёстойг Даллесын төлөвлөгөө “илэн далангүй” гаргаж тавьсан хэмээн Сидоренко дурдсан байна. Даллесийн төлөвлөгөөний эхний хэсгийг тэрбээр бүтнээр эшэлсэн байна:

Алтны бүх л нөөц, материаллаг хүчин чадал, баялгаа эдгээр хүмүүсийг тэнэг, мангарууд болгохын тулд дайчилна. Хүний оюун санаа, ухамсрыг өөрчлөх боломж бий. Тэнд (Орост) эмх замбараагүй байдал бий болгосны дараа тэдний үнэт зүйлсийг аажмаар мэдэгдэлгүйгээр хуурамч үнэт зүйлсээр сольж, тэдэнд итгүүлэх болно. Үүний үр дүнд бид өөрсдийн туслагч, холбоотнуудыг Орост бий болгох юм. Ийнхүү аажим аажмаар эмгэнэлт жүжиг аугаа том хэмжээгээр тоглогдож, энэ дэлхийн хамгийн үгэнд орох дургүй ард түмэн аяндаа сүйрэх бөгөөд үндэсний ухамсар нь нэг мөсөн эргэлт буцалтгүйгээр мөхөх юм.

Энэхүү дүрслэлээс Өрнөд ямархуу хэмжээнд Оросын эсрэг улайран дайсагнадаг тухай харж болно. Оросын эсрэг Өрнөдийн дайсагналын цар хүрээ “Хүйтэн дайн”-ы үеийн коммунизмын эсрэг үзэл санааны дайсагналаас хамаагүй хол давж гарчээ. Бидний авч үзэж буй зүйл бол Орос үндэстнийг үнэн голоосоо үзэн ядаж буй асуудал буюу Оросын соёл иргэншлийг устгах мастер төлөвлөгөөний хэлбэрээр илэрч буй үзэн ядалтын тухай асуудал юм. Үүний тулд “Өрнөд бүхий л хүч хэрэгсэл, нөөц боломж дайчлах” юм гэж Сидоренко бичжээ.

“Хүйтэн дайн”-ы үеийн ЗХУ-АНУ-ын зөрчил нь Өрнөдийн түрэмгийллээс амьд гарах гэж тэмцэж, одоо ч үргэлжилсээр буй Оросын мөнхийн тэмцлийн зөвхөн нэг үе юм гэсэн ойлголт иймэрхүү баримт бичгийн гол санаа нь байдаг. 2004 онд “Комсомольская правда” сонинд жишээлбэл, Зөвлөлт болоод өнөөгийн Оросын аюулаас хамгаалах байгууллагын томоохон төлөөлөл болсон хурандаа генерал Виктор Черкесов “Хүйтэн дайн”-ын үзэл санааны зөрчлийг иймэрхүү маягаар тайлбарлаж энэ нь зөвхөн өнгөн шалтаг төдий зүйл байсан гэсэн байна. Черкесовын хувьд “Хүйтэн дайн”-ы үед “үзэл суртлын зөрчил бол зөвхөн өнгөн шалтаг байсан тул үзэл суртлын асуудлыг шийдвэрлэх тухай асуудал биш өөр асуудал байв. Өөрөөр хэлбэл мөнхийн, үндсэн, шийдвэрлэх асуудал байсан ажээ.”

Чөлөөндөө буй хошууч генерал Вячеслав Широнин Даллесын төлөвлөгөөг 1950-иад онд гарсан гээд Даллесын ажилтнуудаа өгсөн үүрэг бүхий ТТГ-ын заавар хэмээн тайлбарласан байна. Тэрбээр уг баримт бичгийг уншаад төрсөн анхны сэтгэгдлээ ийнхүү бичжээ.

Уншаад төрсөн сэтгэгдлээ тод санаж байна. Эхлээд уншихад санаанд багтамгүй хэтэрхий өрөөсгөл мэт санагдаж байв. Орост “туслагч, холбоотнууд” үнэхээр гарч ирнэ гэж байх уу? “Бор тахал”-аас хүн төрөлхтнийг аварсан Оросын ард түмний эсрэг ийм их үзэн ядалт, дайсагналыг бий болгох боломжтой гэж үү? Үндсэрхэг үзэл тийм аюултай зүйл мөн гэж үү? Нууц маягаар аажмаар “тийм үнэт зүйлс”-ийг “боловсруулах” боломжтой байсан гэж үү?

Чингээд Өрнөдийн тусгай албадын тухай илүү их мэддэг болох тусам хариулт нь аажмаар тодорхой болсон хэмээн Широнин бичжээ. Америкчуудын амжилттай гаргаж авсан бодит, тодорхой шинжлэх ухааны аргад Даллесын төлөвлөгөө суурилсан гэдгийг тэрбээр ухаарсан байна.

ЗХУ их гүрний хувьд яагаад эмгэнэлтэйгээр сулран унасан тухай хэлэлцүүлэг дунд Даллесын төлөвлөгөө ямархуу хэмжээний чухал орон зай эзэлдэг гэдэг нь бусад чекистүүдийн бүтээлд тодорхой харагддаг. Чөлөөндөө гарсан хурандаа Иван Дедюля Хрущевийн засаг захиргааны дураараа авирлалт, гэнэн болгоомжгүй байдал бол Даллесын төлөвлөгөөтэй салшгүй холбоотой байсан гэдгийг дурссан байдаг. Тухайлбал, Хрущев Венад нэгэн удаа айлчлах үеэрээ найран дээр франц коньяк дураараа хүртэж, бүжиглэн найрлаж байснаараа АНУ-ын сэтгэл зүйн дайны шинэ аюулыг мэдэж чадаагүй байна. Энэхүү дуртгалд үүссэн нөхцөл байдлын эмгэнэлт хохирогчийн дүр нь чекистүүд болж буй мэтээр дүрслэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Даллесийн төлөвлөгөө оршин байдаг тухай болоод мөд удахгүй ирж буй аюул ослыг мэдсээр байж нам, түүний удирдлагад үг дуугүй үнэнчээр зүтгэх үүргээсээ болоод хүчин мөхөстсөн гэсэн санаа гарч ирж байна. Энэхүү дүрслэл ЗХУ нуран унахаас өмнөх үед өрнөсөн үйл явдалд УАХХ ямархуу үүрэгтэй оролцсон тухай өргөн хэмжээний хэлэлцүүлэгтэй шууд холбогддог талаар удахгүй авч үзэх юм. Тухайлбал, тухайн үйл явдлуудад УАХХ ямар ч хариуцлага хүлээх учиргүй болж таарчээ.

Оросын ёс суртахууны үнэт зүйл, соёл руу зохион байгуулалттайгаар халдаж, тус орны үндэсний ялгамжийг устгах зорилгоор Оросын эсрэг нэгэн төрлийн үзэл санааны геноцид хийсээр байгаа гэдэг үндэслэлийг дэмждэг хүмүүс энэхүү Даллесын төлөвлөгөөг мөн байнга ашигладаг. Чөлөөндөө буй хошууч генерал Юрий Дроздов “эх оронд нь ёс суртахуун хэрхэн унасан тухай” эргэцүүллийнхээ оршил хэсэгт Даллесын төлөвлөгөөг эшэлсэн байдаг.

Өмнө нь дурдсанчлан Даллесын төлөвлөгөөнд Оросын үнэт зүйлсийг хуурамч үнэт зүйлсээр сольж, тэдэнд хүчээр итгүүлэх тухай гардаг. Энэ талаар уг өгүүлэлд мөн хожим Оросын романтик үндэсний үзлийн уламжлалт хэлц үгийн хэлбэрээр гайхалтай хэлбэрээр дүрсэлснийг авч үзэх юм.

Утга зохиол, театр, кино бүх зүйл хүний төрөлх сэтгэл хөдлөлийг дүрсэлж, тэр бүхнийг алдаршуулна... Бид уран бүтээлчид гэх хүмүүсийг дэмжиж, тэднийг бий болгох бөгөөд тэд нийтийн ухамсарт секс, хүчирхийлэл, садизм, урвалт буюу нэг үгээр хэлбэл бүх л муу муухай бүхнийг суулгаж эхлэх юм. Үнэнч сэтгэл, боловсон зан элэг доог болох цаг ирж, хэнд ч хэрэггүй болох бөгөөд зөвхөн хуучны ул болох юм. Бүдүүлэг зан, ичгүүргүй явдал, худал хуурмаг, архидалт, мансуурал, бие биенээсээ айн хургах төрөлх араншин, ичгүүр сонжуургүй агсамнал, үндсэрхэг үзэл, бусад үндэстэн ястныг үзэн ядах явдал, юуны өмнө Оросын ард түмнийг үзэн ядах явдал зэргийг бид чадмаг гэгч нь тэдэнд мэдэгдэлгүйгээр бий болгох бөгөөд эдгээр зүйл ямар ч цадиггүйгээр өргөн дэлгэрнэ. Үзэл санааны үндсийг нь бид тасдан хаяж, ёс суртахууны эх ундаргыг нь үгүй хийнэ. Ийм аргаар дараа дараагийн үеийг бид үгүй хийх юм. Хүүхэд, залуучуудаар нь дамжуулаад оросуудыг завхруулж, хүний адаг болгоно. Бид тэднийг эрээ цээргүй, бэртэгчин “дэлхийн иргэн” болгох юм.

Энэхүү нүд бүлтийлгэм зөгнөлт зураглалыг орчин цагийн Оросын нийгмийн ёс суртахууны төлөв байдалтай тэр чигээрээ таарч байна гэж олон судлаачид үздэг. Орост сүүлийн хорин жил өрнөсөн эрс, хурдтай өөрчлөлтийн үеэр нийгмийн үнэт зүйлс туйлын ноцтой өөрчлөлтөд орж, Зөвлөлтийн дараах үеийн Оросын ёс суртахууны уналтын тухай олон түмнийг хамарсан айдсыг бий болгожээ. Ийм учраас Даллесын домогт төлөвлөгөө энэхүү нөхцөл байдлыг тайлбарлах, ойлгох бас тайтгаруулах нэг арга зам болсоор ирсэн байна. 

Даллесын төлөвлөгөө гэгчийг бий болгосноор “Хүйтэн дайн”-д ЗХУ ялагдсан нь Оросын хувьд “ёс суртахууны ялалт” болсон гэх түүхэн шинэ тайлбарыг гаргаж ирэх боломж олгожээ. Ингэснээр Оросын тал ёс суртахууны илүү эрхтэй гэх маягаар “Хүйтэн дайн”-ы түүхийг ёс суртахууны тэмцэл болгон харагдуулах боломжтой болгожээ. Нөгөө талаар Зөвлөлтийн өөрсдийнх нь хэрэглэдэг байсан, өнөө цагт аль хэдийн ашиглахаа больсон стратегийн ядмаг хэлэлцүүлгийг хэрэглэх шаардлагагүй болсон байна. Ийм тайлбарыг бодит баримттайгаар удаан хугацаанд байлгана гэдэг боломжгүй зүйл юм. Түүхийн бодит баримтууд болох ЗХУ-ын талаар авах арга хэмжээний тухай АНУ-ын ҮАБЗ-өөс гаргаж байсан чиглэлүүд Даллесын төлөвлөгөөний агуулгатай нийцдэггүйн дээр Оросын шинэ түүхийн тайлбаруудтай хэд хэдэн талаар таарч өгдөггүй. ҮАБЗ-ийн бодит чиглэлүүдийн хамгийн хэтрүүлэгтэй хэсэг нь хүртэл Даллесын төлөвлөгөөний шашны сургаал шиг утгагүй хийрхлийг бодвол харьцангуй бодит байдалд нийцсэн, нарийвчилсан байдаг. Мөн эдгээр баримт бичиг АНУ-ын хувьд “Хүйтэн дайн” нь ЗХУ-ын эсрэг хийж буй ёс суртахууны тэмцэл гэдэг утгыг байнга агуулдаг бөгөөд Вашингтон уг тэмцэлд үргэлж ёс суртахууны давуу эрхтэй гэдэг үндэслэлийг гаргаж тавьдаг. Тухайлбал, эрх чөлөө, үнэн мөн ба ёс зүй гэдгийг ҮАБЗ-ийн чиглэлүүд байнга хөндөж, эдгээр үнэт зүйлс илүү хүчирхэг байгаад зогсохгүй хүн төрөлхтний бүгдийн дэмждэг прагматик үнэт зүйлс тул хүмүүсийг араасаа дагуулж АНУ-ын тэмцлийг ялалтад хөтөлнө гэсэн агуулгыг байнга гаргадаг. Эдгээр баримтыг хоёр нүүртэй, хэтэрхий өөрийгөө өргөмжилсөн гэж шүүмжилж болох ч энд яригдаж буй тайлбарыг бодвол харьцангуй жижиг зүйл. Харин Даллесын төлөвлөгөө илүү ад чөтгөрийн гэмээр хийсвэр дайсныг бий болгож, үндэсний ялгамжийг хуурамчаар үүсгэж болно гэдгийг харуулсан байна. Даллесын дүр иймээс Өрнөдийн эсрэг үзэл санааны объектыг бий болгож, төсөөллийн “Өрнөд”-ийн биежсэн хувилбарыг үүсгээд зогсохгүй Өрнөдийг шүүмжлэгчдэд бэлэн “зэвсэг”болж өгчээ. Ингэснээр өрнөдүүд үндэстний зүрх болсон ёс суртахууны эд эсийг нь эхэлж устгах замаар Оросыг үзэл санааны хувьд устгах зорилготой хэмээх буруутгалыг гаргаж ирж байгаа юм.

Энэхүү оюун санааны аллага гэх ойлголт нэгэн алдарт зохиолчийн хэлснээр Орос орны талаар “хар домог”-ийг түгээх замаар оросуудын өөрийгөө хүндлэх хүндлэлийг зохион байгуулалттайгаар устгаж, Оросын үндэстний ялгамжийг системтэйгээр үгүй хийх кампанит ажил гэх хуйвалдааны онолтой холбогддог. Орос гэсэн нэрийг гутаах үндсэн зорилгын хүрээнд тус орны нэр хүндийг олон улсад унагах зорилгоор барууны тусгай албад зохион байгуулалттайгаар маш няхуур аргаар тус орны үндэсний ялгамжийг бусниулж, үгүй хийж байна гэж энэхүү тайлбар тайлбарт гардаг байна.

Энэхүү хуйвалдааны онолын үндсэн сэдэв нь британичууд (ялангуяа англи хүн) уг “хар үзэл суртлын арга техник”-т гаршсан байдаг гэдэг зүйл. Хошууч генерал Рем Красильников агсан Британийн тусгай албаны тухай бичихдээ энэ асуудлыг дараах маягаар хөндсөн байдаг:

Гэсэн ч гэлээ “хар үзэл суртлын арга техник”-ийг гаргууд эзэмшсэн хүмүүс гэвэл яах аргагүй англичууд юм. Тэд улс төр, ёс суртахууны хувьд бусдыг доромжлох, төөрөгдүүлэх, хуурах, гутаахдаа үнэхээр хэнийг ч урдаа гишгүүлэхгүй. (Британийн түүх) улс төрийн залилан мэхлэлт, гутаалт, доромжлол, сохроор тахин шүтэх, шашны үл тэвчих үзэл, хөөрүү зан, хямдхан зусардал зэргээр дүүрэн.

Англи хүний эдгээр онцлог (дотуур тамиртай, хоёр нүүртэй) мэдээж Оросын үндэсний ялгамжийн яг эсрэг туйл мэтээр дээрх текстүүдэд гарах бөгөөд Орос хүн үнэнч шударга, хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг, хээгүй гэсэн санааг гаргадаг байна.

Красильников мөн цааш нь хэлэхдээ: Английн тусгай албадын “хар үзэл суртлын арга хэмжээ” автократ Оросоос эхлүүлээд орчин цагийн ОХУ хүртэл бүхий л хугацааг тэр чигээр нь манай улсыг сөрөг талаас гаргахад хамаг хүчээ зарцуулсаар ирсэн юм. Манай оронд ямар засаг байхаас үл хамаараад Их Британийн удирдагчдын стратегийн зорилго нь Орос улсыг гутаах явдал байсаар иржээ гэжээ.

Энэ бүхнээс харвал энэхүү дайсагнал дан ганц “Хүйтэн дайн”-ын үеэр хязгаарлагдаагүй бөгөөд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа нь ойлгомжтой байна. Үүнтэй нэгэн адил Даллесын төлөвлөгөө нь эдгээр хуйвалдааны онолд гардагчлан өнгөрсөн үе буюу “Хүйтэн дайн”-ы түүхийн тухай асуудал биш харин өнөөг хүртэл үргэлжилж буй арга хэмжээ болж таарч буй юм. Орчин цагт ч ач холбогдлоо алдаагүй тул Даллесийн төлөвлөгөө гэх хуйвалдааны онол ашигтай хэвээр байгаа агаад тэр дундаа Оросын үндэсний ялгамжийг шинээр бий болгох гэсэн тэмцэлд нэгэн зэвсэг болгон ашиглагдаж байна. Орчин цагийн Оросын бодит байдал ба олон улсад эзлэх тус улсын байр суурийн тухай Өрнөдийн эсрэг радикал үзэл хандлагыг бэхжүүлэх, түүнийг бодитой болгоход Даллесын төлөвлөгөө бодит суурь “баримт” нь болж өгдөг ажээ.

“Нөлөөллийн туршуул” ба ЗХУ-ын бутрал

Даллесын төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг нь “ижил үзэл санаатай, өөрсдийн туслагч, холбоотнуудыг Оросоос олж авч”, тэднийг ашиглах тухай асуудал юм. Яг энэ мөчөөс эхлэн Даллесын төлөвлөгөө хүрээгээ тэлж, Орост өдгөө ихээхэн хүчтэй яригддаг бас нэгэн хуйвалдааны онолыг бэхжүүлж байдаг байна. Тэр нь ЗХУ-ын бутралын гол буруутан нь ТТГ-ын өндөр түвшинд байрлуулсан “нөлөөллийн туршуулууд” гэх хүмүүс юм. Тухайлбал, эдгээр хүмүүс Михаиль Горбачев, Борис Ельциний хүрээлэлд нэвтэрч ажилласан гэдэг ажээ. Эдгээр туршуул Горбачевийн дэргэд ажилласан нөлөө бүхий, өндөр алба хашиж байсан Александр Яковлев, Эдуард Шеварднадзе гэдэг хүмүүс гэж уг онол үздэг байна. Энэхүү онол ЗХУ-ын бутралын түүхийн шинэ тайлбаруудын яг үндсэн асуудал болон оршдог бөгөөд тэдгээр туршуул гэх хүмүүст “эх орноосоо урвагч”, “өндөр түвшний урвагч” гэх цолыг өгдөг юм.

УАХХ-ны сүүлчийн дарга Владимир Крючков энэхүү “нөлөөллийн туршуул” гэх онолыг түгээхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Крючков 1991 оны 6 дугаар сард анх албан ёсоор Дээд зөвлөлийн хаалттай хуралдаан дээр алдарт илтгэлээ тавихдаа энэ талаар дурдсан байдаг. Тухайлбал, ЗХУ-ын бутаргах Өрнөдийн төлөвлөгөө байдгийг дурдаад энэ зорилгодоо хүрэхийн тулд гадаадын тусгай албад “нөлөөллийн туршуул”-аа ашиглаж байгааг зарласан байна. Түүний ашигласан баримт бол УАХХ-ны дарга байсан Юрий Андроповын 1977 оны илтгэл байв. Энэхүү илтгэлд “нөлөөллийн туршуул” гэдэг нэр томьёог ашигласан байдаг бөгөөд ТТГ Зөвлөлтийн үзэл санааг устгах зорилгоор тус улсад туршуулууд бий болгох арга хэмжээ явуулж байгаа талаар анхааруулсан байдаг. 1977 онд Намын Төв хороонд өгсөн илтгэлдээ Андропов нөлөөллийн туршуулын талаар анх дурдсан тухай өөр эх сурвалжуудаар ч гэсэн батлагддаг. Зарим нь үүнээс өмнө гаргаж тавьсан гэж үздэг. 1960-аад оны дунд үед ТТГ “нөлөөллийн туршуул” бий болгох стратеги хэрэгжүүлж эхэлсэн тухай УАХХ мэдээлэл авч байсан хэмээн Сидоренко дурссан байдаг. Уг стратеги урт хугацаанд хэрэгжих стратеги байсан гэж Сидоренко бичээд туршуулаа гүн халхавчийн туршуул маягаар үүсгэж хожим тэднийг нам, төр, цэргийн өндөр албан тушаалд очиход нь ашиглах зорилготой байсан гэжээ.

Крючков уг санааг дуртгалдаа цааш нь дэлгэрүүлснийг 1993 оны хоёр сарын “Советская Россия” сонин нийтэлсэн байна. Юрий Дроздов хожим дуртгалынхаа нэг бүлгийг “Нөлөөллийн туршуул” гэж нэрлэсэн бол бусад чекистууд болох Станислав Лекарев уг онол бүр эртнээс буюу англичууд Элизабетийн үеэс Орост нөлөөллийн туршуул ашиглаж ирсэн түүхтэй хэмээжээ.

Чекист дуртгал бичигчид (Андропов уг ялгааг үүсгэсэн бололтой) Өрнөдийн тусгай албадын “сонгодог” аргаар элсүүлдэг туршуул ба “нөлөөллийн туршуул” (албан бусаар буюу ямар элсүүлэлт хийснийг гэрчлэх ямар нэг бичиг цаас, боловсруулалт байхгүйн дээр хууль ёсны сөрөг хүчний үйл ажиллагаа явуулах үүрэг өгдөг)-ын хооронд ялгаа байдаг тухай бичдэг. “Сонгодог” маягаар элсүүлэлт хийдэггүй тул тэднийг Өрнөдийн тусгай албатай холбоотой гэдгийг нотлоход маш хүнд байдаг хэмээн Сидоренко бичжээ. Үүнтэй нэгэн адил “нөлөөллийн туршуул” биш гэдгийг нотлоход ч хэцүү байдаг ажээ. Учир нь уг хуйвалдааны онол харьцангуй бүрхэг томьёололд суурилдаг. Өөрөөр хэлбэл “нөлөөллийн туршуул” нь ардчилал, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс зэрэг хийсвэр ойлголтыг дагаж мөрддөг гэж үздэг байгаа юм.

Зарим нэг хүмүүсийн бичсэнээр Зөвлөлтийн энгийн номхон иргэдийн дундаас “Хүйтэн дайн”-ы үнэн төрхийг нуухад эдгээр туршуулын гүйцэтгэсэн гэх үүрэгт илүү анхаардаг. Ийм учраас чөлөөндөө гарсан генерал Филипп Бобковын хувьд нөлөөллийн туршуул нь “Хүйтэн дайн”-ы жинхэнэ зорилгыг нуух даалгавартай байсан явдал гэж бичжээ. Оросын эсрэг Оросын ард түмэнд мэдэгдэлгүйгээр хийж буй “үл үзэгдэх” дайн гэдэг ойлголт гэдэг зүйл мөн л Даллесын төлөвлөгөөтэй холбогдож буй юм. Аль ч тохиолдолд илрүүлэхэд бэрх тул аюулын хэмжээ бүр их айдас дагуулахаар байгаа юм.

“Нөлөөллийн туршуул” гэх онолыг түгээгчид нотлох баримт гаргаж тавина гэж сүрдүүлдэг ч хэзээ ч гаргаж тавьсан удаагүй юм. Яковлевын хүсэлтээр хийгдсэн прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтээр Крючковын гаргаж тавьсан зүйл үндэслэлгүй гэж гарчээ. 1991 оны 8 дугаар сарын бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараа Вадим Бакатин мөн УАХХ-ны даргаар түр ажиллаж тус байгууллагад шинэчлэл хийх үедээ өндөр түвшний туршуулын тухай материалуудыг системтэйгээр устгасан гэж зарим нь бас үздэг байна.

Нөлөөллийн туршуулын тухай хуйвалдааны онол ЗХУ-ын задралд УАХХ ямар үүрэг гүйцэтгэсэн тухай шинэ тайлбар үүсгэх боломжийг өгчээ. Уг тайлбарт дурдсанаар Андроповын үхлийн дараагаар эцсийн сүйрэл болох улсыг сарниж бутрахаас сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үүрэг УАХХ-нд ногдсон байна. Үүний хүрээнд УАХХ төр засгийн удирдлагын хэмжээнд урвалт гарч, сүйрэл болох гэж буй талаар Зөвлөлтийн улс төрийн удирдагчдад байнга, аймшиггүйгээр анхааруулж байсан ч намын удирдлага тэднийг сонсохоос татгалзсан байна. Широнины дуртгалд дурдсанаар энэ үеийг Рихард Зорге ба бусад тагнуулчид Сталинд Гитлерийн довтлох гэж буйг анхааруулсаар байхад тоож авч үзээгүйтэй адилтгасан байдаг. Ирж буй аюулын тухай УАХХ-ны мэдээг намын удирдлага авсан мөртлөө “хачин гэмээр чимээгүй” байсныг Широнин дурдаад 1991 оны зун гэхэд аюулаас хамгаалах байгууллагын үгийг Горбачев аль хэдийн сонсохоо байсан тухай тухайн үеийн УАХХ-нд яриа гарсан байжээ. УАХХ-ны өгч байсан анхааруулгыг огт авч хэлэлцээгүй тухай Широнины учирлалыг өөр нэгэн чекист болох дэслэгч генерал Николай Леонов ба генерал Виктор Чебриков агсан мөн дурссан байдаг. ЗХУ-ыг нураахаар үгсэн хуйвалдсан нөлөөллийн туршуулуудтай тэмцэх талаар УАХХ хангалттай ажиллаж чадаагүй гэсэн шүүмжлэлийн хариуд 2001 онд ХАБА-ны албан ёсны цахим хуудас дээр гарсан ярилцлагаараа дамжуулж Чебриков хариу өгсөн байдаг. Тэрбээр уг асуудалд тухайн үеийн намын удирдлага буруутай гээд УАХХ-ны гарыг тухайн асуудал дээр оролцуулахгүй хүлснээс болсон хэрэг гэсэн байна. Жишээлбэл, Төв Хорооны нэгэн гишүүн АНУ-ын туршуул байж болзошгүй тухай цаасан дээр бичсэн зүйл Андропов Чебриковт үзүүлж байжээ. Леонид Брежнев тэрхүү цаасан дээр бичсэн мэдээллийг тэр дор нь үгүйсгээд “ТХ-ны гишүүн хүн урвагч байж таарахгүй” гэж Андроповт хэлснийг Чебриковт ярьж байсан байна. Андропов тухайн цаасаа тэр даруй Чебриковын өмнө урж хаясан агаад тэрхүү сэжигтэн тухайн албан тушаалдаа дахиад олон жил суусан хэмээн Чебриков дурсжээ.

Энэхүү шинэ тайлбар УАХХ-ны дарга Крючковын 1991 оны 8 дугаар сард хийсэн бүтэлгүй оролдлогын тухай хэлэлцүүлгийг тэр чигт нь өөрчилж улс орныг сүйрлээс аврах гэсэн баатарлаг, сүүлчийн аргаа барсан оролдлого болгон хувиргаж байгаа юм. Ингээд 1995 онд гарсан Оросын тусгай албадын тухай цагаан ном (ХАБА-ны академийн ахлах судлаач уг бүтээлийг олон нийтэд сурталчилсаар ирсэн)-д ийнхүү бичжээ:

Дэглэмийн бусад байгууллагуудаас ганцхан УАХХ л улс оронд шинэчлэл хэрэгтэй гэдгийг ойлгосон байв. Ингээд мэдээж УАХБ-ын тэргүүн В.Крючков ба түүний цэргүүд нүүрлэж буй ЗХУ-ын задрал, түүний ард түмэнд учрах тоо томшгүй гай зовлон, аюулыг сайтар мэдэж байжээ. Яг ийм шалтгаанаар тэд 1991 оны 8 дугаар сард улс орноо аврахаар зохион байгуулалтад орж идэвхтэй ажилласан байна. Гэвч энэ бүхэн нэгэнт оройтсон байлаа. ЗХУКН, ЗХУ-ын эрх бүхий байгууллагууд тэр байтугай УАХХ хүртэл бутралын замд нэгэнт орсон байжээ.

Ингэснээр чекистийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй үеийн нэг болох үеийг шинээр гуйвуулах боломж бүрдэж байгаа юм. Учир нь тухайн үед УАХХ нь бүтэлгүйтсэн төрийн эргэлтэд оролцсоныхоо төлөө өмнө нь байгаагүйгээр шүүмжлүүлж, олон нийтийн өмнө нэр хүндээ алдсан юм. Энэхүү тайлбар мөн УАХХ-ны бүхнийг мэдэгч гэсэн домгийг цаагуураа улам дэвэргэж, цаашлаад орчин үед аюулаас хамгаалах байгууллага ийм том хэмжээний аюулаас сэргийлэхийн тулд илүү их эрх мэдэлтэй байх ёстой гэсэн үндэслэлийг гаргаж ирэх нэг шалтаг болсон байж магадгүй юм.

Өөрөөр сэтгэгчдийн үүрэг

Даллесын төлөвлөгөө ба нөлөөллийн туршуул гэх хуйвалдааны онолууд УАХХ-ны дотоодын өөрөөр сэтгэгчидтэй хийсэн тэмцлийн түүхийг шинээр бичих боломж олгож буй юм. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийнхний голлон анхаардаг зүйл нь УАХХ-ны энэ чиглэлд явуулсан арга хэмжээ байсаар ирсэн нь олон чекистүүдийн дургүйцлийг хүргэжээ. Үүний улмаас УАХХ нь “хүмүүсийг баривчлах шалтаг хайгаад явж байдгаас өөр зүйл хийдэггүй байсан” гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсэн гэж Бобков бичсэн байна. Хэд хэдэн чекистүүд уг ойлголтыг эвдэхийг оролдсон агаад өөрөөр сэтгэгчидтэй хийх тэмцэл УАХХ-ны бусад чухал чиглэлүүдийг бодвол (хачирхалтай нь үүний хажуугаар Зөвлөлтийн өөрөөр сэтгэгчид рүү бүх буруугаа чихдэг) харьцангуй ач холбогдол багатай байсан гэж дурссан байна. Тухайлбал, дэслэгч генерал Леонид Шербашин өөрөөр сэтгэгчидтэй хийх тэмцэлд УАХХ-ны төсвийн нэг хүрэхгүй хувь л зарцуулагддаг байсан гэж дурсжээ.

Энэ асуудлаар чекистүүдийн шинээр гарсан дуртгал бүтээлд өөрөөр сэтгэгчдийн ач холбогдлыг үгүйсгэсэн байдаг. Эдгээр бүтээлд илүү их анхаарал хандуулж байсан гэдэг шалтгаанаар өөрөөр сэтгэгчид өөрсдийн ач холбогдлоо хэт өргөсөн гэж бичигдсэн байх нь түгээмэл байдаг ажээ. Энэхүү байр суурийн нэг давуу тал нь өөрөөр сэтгэгчдийн баатарлаг шинжээс нь ялгаж, зүгээр л хэнд ч хэрэггүй хүмүүс гэсэн утгыг гаргах явдал юм. Ийм учраас Сидоренко тухайлбал, өөрөөр сэтгэгчдийг өөрсдийн ач холбогдолдоо хэт итгэж, төөрөлдсөн улс гэж элэглэсэн байна. Мөн Андропов ихэнхи өөрөөр сэтгэгчдийг залхмаар ядаргаатай хүмүүс гэхээс өөрөөр үздэггүй байсан гэж Сидоренко бичжээ.

Өөрөөр сэтгэгчдийг шалихгүй зүйл байсан гэж Андропов үздэг байсан гэсэн санаа сүүлийн үед гарч ирсэн архивын баримтуудаас гарсан эд биш. Харин ч Зөвлөлтийн удирдлага өөрөөр сэтгэгчдийн асуудлыг хэр хэмжээнд ямархуу хэмжээний цаг хугацаа гаргаж хэлэлцдэг байсныг харуулж буй юм. Андропов тухайлбал нэг ч өөрөөр сэтгэгчийг зүгээр өнгөрөөж болохгүй гэж хэлж байсан удаатай бөгөөд олон нийттэй уулзах үеэрээ хэд хэдэн удаа өөрөөр сэтгэгчидтэй хийх тэмцлийг УАХХ-ны хамгийн чухал чиглэлийн нэг гэсэн байдаг.

Үүнээс гадна уг стратеги өөрөөр сэтгэгчдийг эх орноосоо урвагчид, Өрнөдийн мөнгөний хүүхэлдэй буюу Даллесын төлөвлөгөөг хэрэгжүүлэгчид гэж буруутгах нь олонтаа байдаг ажээ. Ийм тайлбар УАХХ-ны цуутай Тавдугаар газрын тухай шинэ дүр зургийг бий болгохыг зорьж байдаг байна. Уг газрыг 1967 оны 7 дугаар сард “өрсөлдөгч талын үзэл суртлаар хорлон сүйтгэх”-тэй сөрөх тагнуулын шугамаар тэмцэх буюу өөрөөр хэлбэл өөрөөр сэтгэгчидтэй тэмцэх зорилгоор байгуулжээ. Үүнээс харвал өөрөөр сэтгэгчдийн ач холбогдлыг бууруулж буй хэрэг биш харин ч нэмэгдүүлсэн гэдэг нь мэдэгдэнэ. Тухайлбал, 2001 онд ХАБА-ны албан ёсны цахим хуудас дээр гарсан Чебриковын (мөн Тавдугаар газрын дарга байсан) сонирхол татах ярьсан зүйлийг аваад үзье. Тэрбээр “манай өрсөлдөгчид Зөвлөлт системийн үзэл санааны суурийг үгүй хийхийн тулд их хэмжээний хүч, мөнгө хаяж байсан тул “Хүйтэн дайн”-д Тавдугаар газрын ажил үнэхээр чухал байсан гэсэн байна. Тавдугаар газар мөн үндэсний соёлыг хамгаалж, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Чебриков дурсжээ. Большой театр гэх мэт нэр хүндтэй газарт улсын бахархал болсон уран бүтээлчдийн дунд УАХХ өөрийн гэсэн мэдээлэгчтэй байсан тул эдгээр хүмүүсийн дунд ямар нэг зөрчил гарахаас үргэлж сэргийлж чадаж байсан хэмээн Чебриков мөн сайрхжээ.

Орост эдүгээ өрнөж буй архивын нууцаас гаргах төсөл Зөвлөлтийн төгсгөл үе ба өөрөөр сэтгэгчидтэй хийсэн УАХХ-ны тэмцлийн энэхүү тайлбарыг улам бэхжүүлэх зорилго агуулж байгаа бололтой. Жишээлбэл, 2004 онд Андроповын мэндэлсний 90 насны ойгоор түүнийг УАХХ-ны дарга байх үеийн зарим нэг бичиг баримтыг ХАБА нууцаас гаргаж ийм утгатай баримтуудыг дэлгэж тавьсан байдаг. Уг баримтуудыг гуч гаруй жил чекист явсан нийгмийн ухаан судлаач Борис Прозоров агсан нэгтгэж, “Андропов нууцаас гарсан нь” нэртэйгээр 2004 онд хэвлүүлжээ.

Прозоровын бичсэнээс үзвэл нууцаас сонгож гаргасан баримтууд тухайн үед өөрөөр сэтгэгчдийн хөдөлгөөнөөс болж гаднынхны дэмжлэгтэй аюул хүчтэй байсан тухай асуудал гол нь байв. Прозоровын бүтээл шүүмж ихтэй бөгөөд өөрөөр сэтгэгчдийн тухай ихэнх бүтээлийг засаж, эдгээр хүмүүс бол бодитоор “тавдугаар цуваа” байсан гэдгийг бичсэн байна. Өрнөдийн тусгай албадтай холбогдсон Зөвлөлтийн иргэнийг л Андропов анхааралдаа авдаг байсан гэсэн санааг гаргахын тулд тэрбээр ихээхэн хичээжээ. Өөрөөр хэлбэл УАХХ зөвхөн Оросоос урвагчдын араас л хөөцөлдсөн аж. Урвагч гэх нэр томьёо маш өргөн бөгөөд бүрхэг тул үүний улмаас яг үнэн сэтгэлээсээ тэмцэж байсан сөрөг хүчин гэх зүйл мэдээж байхгүй болж таарч байгаа юм.

Зөвлөлт улсын эсрэг бий болсон сөрөг хүчин Оросын гаднаас үүсч байсан хэмээн бусад чекистүүд мөн үздэг. Сидоренко “Ю.Андропов ЗХУ-д аюул учруулж байсан бүх аюулыг маш сайн ойлгож байсан бөгөөд тэр бүгд хилийн чанадаас гаралтай байв” хэмээн 2004 онд бичжээ. УАХХ-ны өөрөөр сэтгэгчидтэй хийсэн тэмцлийн талаар Черкесов мөн адил санааг гаргажээ: “Бид сайн ойлгосон байв. Ихэнх тохиолдолд үзэл суртлын зэвсгийг барьж байсан гар манай улсын зүрхэн тушаа газар руу онилж байлаа” гэж бичжээ. Үүнээс Даллесын төлөвлөгөө мөн л иймэрхүү хуйвалдааны онолыг улам хүчтэй болгож байгаа нь харагдах бөгөөд домгийн шинжтэй эзэн-хүүхэлдэй гэх онолыг бодитой болгож харагдуулах нэг оролдлого бололтой. Ингэснээр хөшгийг нэг талд нь буюу “Төмөр хөшиг” биш “Хүйтэн дайн”-ы арын тайзны хөшгийг татах боломж олгож буй хэрэг юм. Хуйвалдааны онолчдын хувьд “Хүйтэн дайн”-ы үед Өрнө, Дорныг хуваасан “Төмөр хөшиг” чухал бус харин харагдах ертөнцийг тусгаарлаж буй хөшиг, түүний ард явагдаж буй далд улс төр юм. Энэхүү далд зүйл дотор л жинхэнэ шийдвэр гарч, жинхэнэ эрх мэдэл хэрэгждэг ажээ.

Сүүлийн үед чекистүүдийн бичих болсон бас нэг зүйл бол Зөвлөлтийн өөрөөр сэтгэгчид нь Өрнөдийн санхүүжүүлж байсан үзэгдлийн дээр “дулаарлын үе”-д хүний эрхийг ардчилалтай бус аюулгүй байдалтай холбож үзэх гэсэн Зөвлөлтийн хожуу үеийн хэлэлцүүлгийг дахиж гаргаж ирсэн явдал юм. Энэ нь мэдээж зориудын бодлого байлаа. Өөрөөр сэтгэгч байсан Владимир Буковский энэхүү холбооны талаар бичихдээ Андроповын Баруун Европын коммунистуудад юу гэж тайлбарлах тухай илтгэлийг эшэлсэн байдаг:

Таатай цаг үе нь болохоор Франц, Италийн нөхөдтэй өндөр түвшинд ярилцаж өөрөөр сэтгэгчидтэй хийж буй тэмцэл бол ардчилал гэдэг хийсвэр ойлголтын тухай асуудал биш ЗХУ-ын аюулгүй байдалтай холбоотой чухал зүйл гэдгийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байна.           

Өөрөөр сэтгэгчдийн асуудал бол аюулгүй байдлын асуудал гэж хэлж байгаа нь тактикийн шинжтэй, цаагуураа нарийн төлөвлөсөн бодлогын илрэл бөгөөд бодит аюулын эсрэг авч буй арга хэмжээний эсрэг авч буй зүй ёсны арга хэмжээ гэх байр суурийг үгүйсгэж буй хэрэг гэдэг нь энэхүү эшлэлээс харагдана.

Зөвлөлт дэглэмийг унагаах зорилгоор Өрнөдийн тусгай албад өөрөөр сэтгэгчдийн хөдөлгөөнийг зэвсэг болгон ашигласан гэж түүхийн шинэ бичлэг дүрслэхийг оролддог. Энэ асуудлаар Андроповын хатуу байр суурьтай байсан гэдэг нь харагдана. Хошууч генерал Шарапов: “гадна талаасаа үзэл суртлаар хорлон сүйтгэх ажиллагаа нь үзэл санаа хоорондын тэмцэл мэт харагддаг. Гэтэл бодит байдал дээр ЗХУ-ыг дотроос нь сулруулах зорилготойбайгууллагуудын хийж байсан тэмцэл юм.” Энэхүү аргументаас харвал УАХХ-ны өөрөөр сэтгэгчдийн эсрэг хийсэн тэмцэл нь үндсэндээ Өрнөдийн сэтгэл зүйн дайралтаас Зөвлөлтийн нийгмийг “хамгаалах” зорилготой хийсэн сайн санааны хариу үйлдэл байсан ажээ. “Андроповын хувьд чекист үйл хэрэг гэдэг зүйл бол эсрэг талын тусгай албадын хорлон сүйтгэх ажиллагаанаас нийгмээ хамгаалах явдал гэж үндсэндээ ойлгож байсан явдал” гэж Сидоренко дурсжээ.

Сидоренкогийн хувьд “хүний эрхийг хамгаалах” гэдэг зүйл бол Даллесын төлөвлөгөөний хамгийн үндсэн суурь бөгөөд чухал тагнуулын халхавч ажээ. Өнөөгийн Оросын хүний эрхийн төлөө тэмцэгчид яг л ийм байдлаар дүрслэгддэг. Үүний нэг жишээ нь 2003 оны 9 дүгээр сард Николай Леоновын Оросын Үнэн алдартны шашны Москвагийн салбарын цахим хуудас болох Радонеж цахим сэтгүүл дээр нийтлүүлсэн “Орос дахь ‘Хүний эрхийг хамгаалагчид’ хэний төлөө ажилладаг вэ?” гэсэн нийтлэл юм. Уг нийтлэлдээ эдгээр хүний эрхийг хамгаалагчид Өрнөд болоод урвагч олигархуудаас санхүүжээд зогсохгүй НАТО, АНУ-ын гадаад бодлогыг тууштай дэмжиж, Чеченийн босогчдыг хамгаалдаг. Түүгээр ч барахгүй Орос улсын талаар шүүмжлэлтэй хандаж, голдуу дайсагнасан хандлага гаргадаг мөртлөө оросуудын эрхийг үл тоодог гэж бичжээ.

Тэд өөрөөр сэтгэгчид рүү хэчнээн дайрч давшилж, хавчин гадуурхдаг ч гэлээ Зөвлөлтийн хожуу үеийн түүхийн шинэ бичлэгээс харвал өөрөөр сэтгэгчдийн ёс суртахууны хүч өнөөг хүртэл сулраагүй байгаа гэдэг нь харагддаг. Ийм учраас Сахаровын ЗХУ-ын хамгийн цэвэр, авилга хээл хахуульд автаагүй байгууллага бол УАХХ гэдэг алдарт үгийг өнөөгийн чекистийн шинэ зохиол бүтээл байнга эшэлдэг байна. Энэ нь Сахаровын ёс суртахууны эрхийг цаагуураа хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

“Алтан үе” гэгдэх Андроповын эрин

Уг өгүүлэлд дурдагдаж буй олон хүмүүс өдгөө аюулаас хамгаалах байгууллагад ажиллахаа больсон ч тэдний олон нийтийн дунд бий болсон нэр хүнд нь хуучин чекист гэдэг статустай салшгүй холбоотой юм. Тухайлбал, “Спецназ России” сэтгүүлд Леоновыг орчин үеийн жинхэнэ чекист, чекист байгууллагын “нүүр царай”, энэхүү системийн “үзэл санаа, зарчмыг” илэрхийлэгч гэж тодорхойлсон байна.

Нөгөө талаар хуучин чекистийн нэр хүнд, эрх дарх нь Оросын өнөөгийн улс төрийн элит хэсэгтэй хэр сайн холбоо сүлбээтэй байхаас хамаардаг байна. Сидоренкогийн дуртгалыг хэвлэсэн сэтгүүл энэхүү холбоог тус дуртгалын өмнөх үг дээр онцолсон байдаг. Үүнд:

Энэхүү дуртгал нь тухайн цаг үеийн (өөрөөр хэлбэл Андропов ЗХУ-ын УАХХ-ны дарга байх үе) үзэл санаа, нөхцөл байдлыг бидэнд ойлгуулаад зогсохгүй хамгийн чухал нь хамгийн хүчирхэг үедээ УАХХ-ны дээд удирдлагад байсан хүмүүсийн толгойд чухам ямар ойлголт, үзэл санаа давамгайлж байв гэдгийг толилуулж буй юм. Өнөө цагт уг Систем(УАХХ-г зөөлрүүлэх маягаар ингэж хэлдэг)-ийн бүтээгдэхүүн болсон хүмүүс Оросын улс төрийн элит хэсгийн үндсэн бүрэлдэхүүн болох болсон үед дээр дурдсан үзэл санаа дахин амьдарч байна.

Бүр нарийвчлаад авч үзвэл хуучин чекистүүдийн эрх дарх гээч зүйл нь “Андроповын үе”-д ажиллаж байсан хүмүүс болох Андроповыг УАХХ-ны дарга (1967-1982) байх үед ажилд орсон хүмүүсийг хамааруулан ойлгож байна.  Энэ үед мэдээж 1975 онд УАХХ-нд ажилд орсон Владимир Путин багтаж байна. Энэ үеийн чекистүүдээс өнөө цагт олон хүн Оросод эрх мэдэлтэй болсон ба тэднийг улам ихээр бусдаас нь ялгах болсон байна. 2001 онд жишээлбэл, “Спецназ России” сэтгүүлийн сэтгүүлч Евдокимов “Системийн хүмүүс өдгөө гарч ирж байгаагийн дотор 1970-аад онд УАХХ-нд орсон залуу үеийн төлөөлөл болох Путин, Иванов, Черкесов, Патрушев гэх мэт хүмүүс багтаж байна” гэж бичиж байв. 2002 онд Оросын Парламентын гишүүн Митрофанов мөн “Андроповын үед л манай улсын маш олон удирдагч УАХХ-ноос ажлын гараагаа эхэлж байв” гэж хэлж байжээ.

Үүний улмаас чекистүүдийн түүхийн энэхүү эрин үе илүү эмзэг болж хувирсан байна. 1999 онд ХАБА-ны олон нийттэй харилцах албаны ажилтан Александр Жданович 1980-аад оны сүүлээр намын хийсэн гэмт хэргийг Дотоод хэргийн ардын комиссариат руу чихэж, буруутгах гэсэн оролдлого газар аваад зогсохгүй Андроповын үед аюулаас хамгаалах байгууллагад ажилд орсон үеийнхэнд ч болсон гэж байв. Албан ёсны түүх бичлэг өдгөө Андроповын үеийн чекистүүдийн нэр хүндийг хамгаалж, цагаатгах чиглэлд явж буй нь энэхүү Ждановичийн тайлбараас харагдана. Ингэснээр Сталин болоод Горбачев-Ельцины үеийн шившгээс тэднийг ийнхүү тусгаарлаж байгаа юм. Энэхүү хандлага нь Оросын “түүхэн дурсамж”-ийг сэргээх гэдэг далбаан дор байрлах болжээ. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр уг хандлагыг тэр чигт нь сүйрүүлсэн гэж үздэг байв. Энэхүү үйл явцыг Леонов дараах байдлаар тайлбарлажээ:

Үгүйсгэлийн эрин үе ингээд шувтарч байна. Бид хувьсгалыг туулаад гарлаа. 1990 онд энэ бүхэн эхэлсэн бол 2000 он хүрээд дуусч байна. Бидний бүх үнэт зүйлс үгүй болж, бүх л зүйл урвуугаар эргэж байсан эх захгүй солиорлоос бид бага багаар ч болтугай холдож байна.

Үндэсний ухамсрыг сэргээх үйл явцын нэгэн чухал хэсэг нь Ждановичийн 2003 онд бичсэнээр “чекистийн түүхийн салбарт шударга ёсыг эргэн тогтоох” явдал байжээ.

Андроповын үеийн чекистүүдын нэр хүндийг улам дээш нь өргөдөг бас нэгэн зүйл бол УАХХ түүхийн энэ үедээ маш чухал өөрчлөлтөд орсон гэх зүйл юм. Тухайлбал Зөвлөлтийн тусгай албаны түүхэнд Андропов УАХХ-г үзэл суртлын чөдрөөс анх удаа бүрэн чөлөөлж, зөвхөн мэдээ олдгийн хажуугаар тагнуулын дүн шинжилгээнд ихээхэн ач холбогдол өгөх болсон гэх яриа юм. ХАБА-ны ил болгосон албан ёсны түүхийн баримт энэхүү өөрчлөлтөд илүү анхаарал хандуулж байгаа нь харагдаж байгаагийн сацуу хуучин чекист-шинжээчдийн дуртгал ч гэсэн мөн тийм хандлага харуулж байна.

Өдгөө олон нийтийн дунд алдарших болсон хуучин олон чекистүүд Андроповын үед УАХХ-нд шинжээчээр ажиллаж байсан удаатай байдаг. Эдгээр чекистүүд өөрсдийгөө рационал, объектив, Зөвлөлтийн үзэл суртлаас ангид байдлаар аливаа зүйлийг харж байсан гэж дуртгалдаа бичжээ. 1973 онд УАХХ-ны Мэдээлэл-дүн шинжилгээний газрын дарга болж байсан Леонов УАХХ-ны шинжээчид намын “сохор” гишүүдийг бодвол хамаагүй дээр байсан гэжээ. Тухайлбал, УАХХ-ны ажилтнууд “үзэл суртлын тоть” бус “прагматикууд” байсны дээр Зөвлөлтийн нийгмийн сор (гадаад ертөнцийн талаар мэдлэгтэй, толгойтой хүмүүс) болсон хүмүүс байжээ. Харин Оросын тусгай албаны талаар байнга нийтлэл бичдэг Андрей Солдатов “нуран унаж буй Зөвлөлт системийн доторх УАХХ-ны дүн шинжилгээний алба чөлөөт үзэл бодол, үр өгөөжийн баянбүрд нь байсан гэх домгийг чекист-шинжээчид өөрсдөө зохиосон” гэсэн байна.

УАХХ-ны ухаалаг, толгой сайтай шинжээч гэх дүр зураг өнөөгийн Оросын улс төрийн элит хэсгийг мөн хамаарч буй юм. Оросын эрх мэдэлд өдгөө хуучин чекистүүд хүрэх болсныг дараах байдлаар Леонов зөвтгөсөн байдаг:

Юуны түрүүнд ийм айхтар, прагматик үзэл бодолтой улс төрчид өдгөө бидэнд хэрэгтэй байгаа юм. Тэд гүйцэтгэх ажлын мэдээлэлтэй харьцаж сурсан улс тул маш өргөн хэмжээнд сэтгэдэг, шинэ үзэл бодлыг хүлээж авахдаа гаргууд байдаг. Нөгөө талаар тэд орончдын хувьд олон зууны уламжлалтай хүчирхэг төр гэх ойлголтыг дэмжигчид юм. Ийм учраас агуу их гүрнийг дахин байгуулах тусгай ажиллагаанд оролцуулахаар түүх тэднийг сонгожээ.

Ийм бичлэгийн гол зорилго нь үндсэндээ Андроповын эрин үе бол “алтан үе” байсан гэх явдал бөгөөд Орос улсын хувьд алдагдсан боломж байсан тул өдгөө Оросын удирдагчдын хувьд тэмүүлэл, алсын хараагаа болгож явах сургаал гэж харуулах явдал юм. Иймээс чекистүүдийн шинэ түүх бичлэгт гарч буй нэгэн гол аргумент нь Андропов урт насалсан бол ЗХУ нуран унахаас сэргийлж чадах байсан гэдэг асуудал юм. “Московский Комсомолец” сонинд 2002 онд гарсан нэгэн нийтлэл ийм хувилбарыг дэвшүүлсэн бол, Бобков энэ бүхэн илэрхий ойлгомжтой зүйл гэсэн байна.

Энэ бүхнээс үзвэл Андроповын эриний чекистүүд эрх мэдэлд очих болсон нь түүх дахин “боломж олгож” буй явдал болж таарч байгаа юм. Тэд гарч ирэх болсноор Оросын түүх эргэн сэргэж, дахин амьдарч эхэлж байна. Өөрөөр хэлбэл Горбачев, Ельцины бий болгосон төөрөгдлөөс үүдэлтэй түр зуурын саатал өдгөө үгүй болж байгаа хэрэг ажээ. Чекистүүдийн бий болгож буй эдгээр түүхийн зураглал нь Путины уг гарлыг нэр хүндтэй болгож харагдуулах байдлаар ашиглагдах болсон байна. Тухайлбал, 2002 онд хуучин чекист Юрий Дроздовын хэвлүүлсэн ном “Юрий Андропов ба Владимир Путин: Дахин төрөх замд” нэртэй байв. Ийм төрлийн бичлэгт Путин хуучин чекист байх нь чухал юм. “Путин бол Оросын тусгай албаны ганцаардмал ажилтан юм. Системийн бүтээгдэхүүн болсон энэ хүн 1990-ээд оны эхнээс эмх замбараагүй байдлыг засч, агуу их гүрнийг өөрчлөн байгуулж эхэлжээ” гэж Леонов бичжээ.

“Хэрэв хоёр дахь хямралаас сэргийлэхээр бол энэ удаа дайснуудыг тэр даруй олж тогтоож, чекистүүдийн хэлсэн үгийг авах ёстой. Учир нь Оросыг сүйрүүлэхээр хуйвалдаж буй дайснуудын гол бай нь чекистүүд юм” гэж ХАБА-ны олон нийттэй харилцах албаны ажилтан, яруу найрагч Василий Ставицкий бичжээ. Мөн тэрбээр ХАБА-г хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэх үйл ажиллагааг Өрнөдөөс “хэн нэгэн” нь дэмжиж байгаа бөгөөд үүний цаад зорилго нь тус албаны хамгаалахыг оролдож буй Оросын залуу ардчиллыг үгүй хийх явдал юм гэсэн байна гээд:

Эрх мэдлийн бүтцийг сулруулах зорилгоор Өрнөдөд байгаа маш “ухаалаг” хэн нэгэн ПР кампанит ажлыг овжноор ашиглаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа Өрнөдийн хэвлэл мэдээлэл өдөр тутам залуу ардчилсан улсыг хамгаалахаар зүтгэж буй энгийн хүмүүсийн дээрээс хувин хувингаар бохироо асгаж байна. Сэтгүүлчдийн гараар залуу ардчилсан улсыг боомилж унагаахыг “ухаалаг” нэгэн хүсч байгаа гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

Оросын тусгай албаны нэр хүндийг харлуулах замаар Орос улсыг сүйрүүлэх зохион байгуулалттай кампанит ажил явагдаж байгаа гэх сүүлийн хуйвалдааны онолыг чекист зохиол бүтээл маш ихээр дэврээдэг ажээ. 2004 онд тухайлбал, “Комсомсольская правда” (Оросын хамгийн их уншигчтай өдөр тутмын сонин) сониноор дамжуулан чекистийн эсрэг “мэдээллийн кампанит ажил” эрчээ авч байна гэж анхааруулжээ:

Уг кампанит ажлын хүрээнээс харахад энэ тохиолдлын зүйл биш гэдэг нь тодорхой байна. “Чекизм”-ыг шинэ дайсан гэж үзсэн дайнтай бид тулгарч байна. 1980-аад оны сүүл үед коммунизмын эсрэг хийж байсан дайны цар хүрээтэй ойролцоо хэмжээний кампанит ажилтай бид нүүр тулж байна.

Хуйвалдааны сэтгэлгээ нь тодорхой хэмжээгээр доромжлолоос өөрийгөө хамгаалах нэг арга болдгийн хувьд хуучин олон чекист өнгөрсөн хэдэн арван жилд болсон эмгэнэлт үйл явдлыг ойлгохын тулд хуйвалдааны онолыг ашиглах болжээ. “Хүйтэн дайн” тагнуул туршуулын болоод үзэл суртлын дайн байсны хувьд “Хүйтэн дайн”-ы ялагдал болоод ЗХУ-ын бутралд буруутах ёстой хүмүүсийн хамгийн эмзэг хэсэг бүлэг бол хуучин чекистүүд юм. Энэхүү буруутгалаас мултрах хүсэл зориг нь 2005 онд Путины хэлсэн алдарт үг болох “өнгөрсөн зууны геополитикийн хамгийн том сүйрэл бол ЗХУ-ын бутрал” гэж хэлсэн үеэс улам эрчимжжээ.

 

Орчуулсан С.Идэр